Допингтой холбоотой зөрчил гаргасан 38 бөхийн талаарх мэдээллийг гаргаж өгөхийг шаардлаа


2021-06-10 15:25:01

Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад “Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам – Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авилга, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно" гэжээ. 

 МҮБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү