Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хос медаль хүртлээ


2022-09-15 11:38:20

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал урд шөнө аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийн ахиулав. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх бөх байх болно гэдгээ харууллаа.

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан мөн л олимпын жин болох 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд “бага ДАШТ” гэгддэг Иван Яригыний гранпри тэмцээнээс хоёр жил дараалан медаль зүүж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан. Улмаар Белградын дэвжээнд одтой сайхан барилдсаар үзүүрлэлээ. Хагас шигшээд Шведийн бөхөд 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарсан нь энэ тэмцээний онцлох мөчийн нэг байв.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэг, Б.Эрдэнэсувд нарын барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн манай бөх 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин 59 кг-д зодоглож буй Б.Эрдэнэсувд дагах барилдаанд АНУ-ын А.Неттетэй хүч үзэхээр болсон. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө Польшийн бөх, Европын аваргын мөнгөн медальт И.Вжесенвтэй барилдах юм.

Одоогоор 25 улс ДАШТ-ээс медаль хүртээд буй бөгөөд Монголын баг медалийн чансаагаар 9-р байрт бичигдэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү