Монголоос БНХАУ руу нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо


2021-07-28 16:14:12

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдлээ.

Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэж, Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргалаа.

Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны  үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцож, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: http://mfa.gov.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү