Сэдэл өгөв...

-Шүгэл дуугарав, гүйгээд очтол дэлгүүрт жирийн л нэг жин ихтэй хүн мөрөөрөө шүргээд өнгөрсөн байв.
-Шүгэл дуугарав, хүүхдүүд хэн нь илүү чанга шүгэлдэж чадахаа мэдэх гээд өрсөлдөж байв.
-Шүгэл дуугарав, биеийн тамирын багш хүүхдүүдэд дасгал зааж байв.
-Шүгэл дуугарав, зээгийнхээ мартаад гарсан шүгэлд эмээ оосор хийнгээ сонирхож байв.
-Шүгэл дуугарав, наймаачин эгч шүгэлээ аваарай, шүгэлээ аваарай, үнэ өссөн шүү
-Шүгэл дуугарав, замын цагдаа ажлаа хийж байв...за ингээд бар, тугал хоёрын үлгэр үргэлжлээд байж дээ. Хүүхэд хүчирхийлэгч, хүүхдийн эрхэнд халдагчид энэ үйлдлээ маш нууцаар, төлөвлөж хийдэг. Олон улсын нийгмийн сэтгэлзүйчид энэ төрлийн гэмт хэргийг ил тод, хэт дэлгэрэнгүй ярих нь өөрөө сурталчилгаа болдог гэж олон жилийн судалгааны үр дүнд үзэх болсон. Магадгүй энэ тохиолдолд хүзүүндээ шүглээ оосорлоод зүүчихсэн хүүхэд гаж донтнуудад сэдэл өгч ч болох талтай. Хаалгаа нээлттэй хаяснаараа хулгайчид сэдэл өгч, гэмт хэрэг үйлдэхэд хүргэх тохиолдол олон байдаг. Үүнтэй адил шүгэлтэй хүүхэд шүлэнгэтсэн луйварчинд санаагүйг нь сануулж, бодоогүйг нь бодуулахгүй гэж үү?
Шүглийн дуутай өрсөн амь насыг нь бүрэлгэхээс өөр сонголт үлдээхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Эмзэг бөгөөд, мэдрэмж шаарддаг хэрэг шүү дээ. Нийгмээрээ, нийтээрээ анхааралтай байх нь, хүний эрхэнд автсан хүүхэд тухайн хохироогчдоо мэдэгдэлгүйгээр дохио өгөх нь амьд үлдэх ганц боломж болдог тал ч бий.
Нөгөө талаар шүгэл үлээснээрээ "Би энд ганцаараа, анхаарах хүнгүй явж байгаа шүү" гэсэн мэдээлэл болж тарах сөрөг талтай. Энэ мэтийн судалгаа, туршилгад тулгуурлан, нийгмийн болон хувь хүний сэтгэл судлал, гэмт хэргийн анализ зэрэгт хийсэн нарийн мэргэжлийн дүгнэлтийг үндэслэн тодорхой шийдлийг шат дараатай авч хэрэгжүүлэх ёстой болохоос шүгэл бөөндөж тараагаад, шүлсээ үсэргэж яриад асуудал шийдэгдэхгүй ээ. Олон оронд, олон хэлээр ойлголцдог, "Би хүний эрхэнд, хүчинд автаад байна" гэдгийг илэрхийлдэг чимээгүй дохио энэ шүү дээ.
Яагаад дохио гэж? Авиа гаргах л юм бол амиа алдах нөхцөл байдал үүсдэг болохоор л тэр. Шүгэлдээ тулж байгаа юм бол, үлээх гээд өнөөдрийн Булгантуяа шиг ноцолдож байхын оронд алгын чинээ хий шүршигч, цахилгаанаар цохиулагч аваад явж байх нь илүү дээр, ийм шийдлүүд ч бас бий. Харанхуй гудамжинд алхаж явахад нь шүгэл хань болох уу, үгүй.
Харанхуй гэрт чичирч суухад нь шүгэл гэрэл болох уу, үгүй. Үүнийг ойлго. Индрийн ард эрх чөлөөтэй зогсоод үлээхэд тийм төвөгтэй байгаа юм чинь айдас аймшиг дунд шүгэлтэйгээ ноцолдсоор байгаад гэмт хэрэгтний олз болдог юм байгаа биз дээ? Шүгэлтэй хүүхэд гэмт хэргийн золиос болчихсон байдаг, хямд хятад шүгэл авч өгсөн аав ээж буруудаад зохиол дуусах уу?
Гэр бүлийн хуульдаа үр хүүхдээ хайхардаггүй, хатуурхан харгисладаг аав ээжүүдийн эцэг эх байх эрхийг хасах зэрэг анхан шатны өөрчлөлтүүд эхлээд оруулмаар байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, үүндээ тулгуурлан архидалтыг багасгамаар байна. Тэгээд юу гээч, ичиж үхлээ, ийм мэдлэг мэдээлэлгүй байх хэрэггүй, ингэж зууны онигоо болох шаардлагагүй.
Сэтгүүлч Р.Эмүжин
Сэтгэгдэл бичих: