Х.Батсуурь: Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдэл ард түмэнд буруу ойлголт өгч төөрөгдүүллээ


2022-08-10 09:39:10

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Та Сангийн сайдын мэдэгдэлд их шүүмжлэлтэй хандаж байна лээ. Яагаад шүүмжлэх болсон бэ?

- Сангийн сайдын мэдэгдэлд хүмүүст буруу ойлголт өгөх, төөрөгдүүлмээр зүйлүүд байсан тул түүнийг анхаарах ёстой гэсэн юм. Тухайлбал, “харьцуулах юм бол” гэж байгаад “Манай улсын гадаад нийт өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Гэтэл Сингапур улсад гадаад нийт өр нь 420 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ дөрөв дахин их өртэй гэсэн үг. Англи улс ДНБ-ээсээ гурав дахин их өртэй. Япон улс тэрнээс бүр ч их өртэй гэсэн. Тэгэхээр энэ нь учир дутагдалтай, ташаа мэдээлэл л дээ. Үүгээрээ юу хэлэх гэж зорьсныг би мэдэхгүй. Хүмүүс үүнийг нь сонсоод Япон, Сингапур ийм их өртэй дампуурсан юм байна, манай улс харин гайгүй юм байна гэж тохуурхаж байх жишээтэй. Би үүнд яагаад шүүмжлэлтэй хандаж байна вэ гэхээр нэгдүгээрт, энэ бол яагаад ч харьцуулж боломгүй үзүүлэлт, улс орнууд юм.

Хоёрдугаарт дурдсан тоо баримтууд нь ташаа, буруу байна л даа. Өр бол ноцтой асуудал. Төрийн сайд, албаны хүмүүс энэ асуудалд нухацтай хандаж, судалгаатай ярих ёстой. Тэдгээр улсуудын эдийн засгийн хүчин чадал нь ямар билээ. Мэргэжлийн хүний хувьд баланс шийт /balance sheet/ буюу санхүүгийн тайланг нь харахдаа нэг талд нь өр зээл, нөгөө талд нь авлага байгааг хоюуланг нь харах ёстой. Зөвхөн өр гэсэн хэсгийг хараад эдгээр улс өрөндөө баригдсан улс гэсэн ойлголт өгөхөөр зүйл ярьж болохгүй. Сайдын мэдэгдэлд дурдсан улсууд дээр жишээ авъя.

Сингапур улс гадаадын нийт өр нь ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байна гэж байгаа юм. Нөгөө талд авлагыг нь харах ёстой. Энэ улсын авлага нь өрнөөсөө бүр хэтрээд явчихсан.Өр авлага хоёрыг нь баланслаад үзэх юм бол Сингапур улс ямар ч өр байхгүй. Өчүүхэн жижиг газар нутагтай, 5.6 сая хүн амтай Сингапур улсын ДНБ нь 400 орчим тэрбум ам.доллар, маш баян улс. Манай ДНБ хэд билээ, 13 тэрбум ам.доллар. Сингапур нь зээлдэгч биш зээлдүүлэгч улс, өөрсдийнх нь хэлж буйгаар цэвэр балансын дүнгээрээ бол ДНБ-ийхээ 200 хувьтай тэнцэхүйц авлагатай байгаа гэсэн. Ийм улсыг манайтай харьцуулж болохгүй. Учир нь манайд авлага гээд байх юм байхгүй шүү дээ.

Сингапурын хувьд олон улсын санхүүгийн томоохон төв учраас компаниуд, ялангуяа томоохон банкуудынх нь тайлан дээр гадаад, дотоодоос зээлсэн, татчихсан ихээхэн хөрөнгө байгаа. Тэр нь тайлангийн баланс дээр өр л гэж гарна шүү дээ. Банкууд нь эдгээр татсан хөрөнгөө зээл болгоод гаргачихсан байгаа нь авлага болж буй юм. Сингапурын хувьд манайхаас тод ялгарах нэг зүйл бол Сингапурын засгийн газар хэзээ ч Сингапур доллараас өөр валютаар бонд гаргадаггүй, зээл авдаггүй бодлого юм. Тэгэхээр ер нь засгийн газар нь гадаад өргүй гэсэн үг. Харин манай улсын гадаад өр бол 100% ам.доллар, юань гэсэн гадаад валютаар гадны этгээдүүдэд төлөх өр. Том ялгаа бий.

Англи улсын хувьд ДНБ-ийхээ 320 хувьтай тэнцэхүйц гадаад өртэй байна гэсэн. Гэтэл эр өр нь улсынхаа мөнгөн тэмдэгт буюу паундаар төлөх өр. Хатуу валютаар төлөхгүй учраас Англи улсын хувьд энэ том асуудал биш. Япон улсыг Англиас ч илүү өртэй гэж хэлсэн. Үгүй л дээ. Японд тийм өр байхгүй. Японы өр өнөөдрийн байдлаар ДНБ-ийхээ 98 хувьтай тэнцэж байна. Судлаад үзэхээр энэхүү өрнийх нь ердөө 4-5 хувь нь гадаад валютаар төлөгдөж зээ. Үлдсэн 95-96 хувь зээл нь иенээр төлөгдөх зээл юм. Түрүүн хэлсэнчлэн Сингапур улс бусад улсаас ихээхэн авлагатай бөгөөд үүнийх нь 1,3 тэрбум ам.доллар нь Монголын төлөх өр юм.

Манайх Японд бас 1,6 тэрбум ам.доллар орчмын өртэй. Хятадад манайх 3.7 тэрбум ам.долларын өртэй. Үүний ихэнх нь Хятадын ардын банкнаас 2013 оноос эхлэн свап хэлцлээр авсан зээл байгаа. Өдгөө 10 шахам жил болж байна, төлөх хугацаа нь аль хэдийн өнгөрсөн. Бид удаа дараа гуйж гувшин хугацааг нь сунгасаар яваа. Зээл өгсөн Хятадын ардын банкинд манайтай тоглох том хөзөр байнаа гэсэн үг.

-Дараагийн нэг чухал зүйл нь 2012-2016 оны Засгийн газар есөн удаа бонд гаргаад ихэнх өрийг тавьсан. Бид тэр өрийг төлж ажиллаж байгаа гээд өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн маягийн зүйл хэлж байна лээ?

- Тэгэж болохгүй. Энэ бол хоёр талтай. Юун түрүүнд авсан зээлийг хэн яаж зарцуулав, мөн өнгөрсөн хугацаанд төр засгийг хэн барьж ирэв, санхүү, мөнгийг хэн мэдэж ирэв, гэдэг асуудлыг тодорхойлж хариуцлага ярих ёстой байх. Өрийг өрөөр дардаг, далимдуулж шаардлагагүй нэмэлт зээл авч үрэн таран хийдэг, зарцуулалт нь замхардаг, түүнд нь хэн ч хариуцлага үүрдэггүй асуудал 2011-2012 оноос хойш замбараагаа алдсан нь үнэн. 2012 онд авсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын үлдэгдэл 1 тэрбум ам.долларыг Монгол улс энэ жил төлөх ёстой байсан. Үүнийгээ манай засгийн газар өөр бонд гаргах, өөр эх үүсвэрээс зээл авах замаар түр хугацаандаа хойшлуулсан маягаар аргалсан байгаа.

Чингис бондоос хойш ер нь бондын давалгаа эхэлсэн л дээ. Самурай, Дим сим, Мазаалай, Гэрэгэ, Хуралдай, Хөгжлийн банкны бонд, Номaд, Сентури өөр юу, юу ч билээ! Гэхдээ дөрвөн бонд нь л өмнөх зээлийг төлөхөд зарцуулагдсан, бусад нь төсвийн алдагдлыг нөхөх болон бусад шалтгаанаар бий болсон гээд байгаа. Нэг талаар өмнөх өр зээлээ дарах гэж нэмж өр тавьсан, нөгөө талаар үүн дээр дөрөөлж шааардлагагүй их хэмжээний өр нэмж тавьсан асуудал байгаа юм.

Хоёр алтай асуудал гэдэг нь ийм учиртай. Ковидын үед хэрэглэсэн мөнгө санхүү гээд асар их учир нь олдохгүй зүйлс байгаа шүү дээ. Үүнийг судлахын тулд бие даасан, хараат бус эдийн засгийн шинжээчдээс бүрдүүлсэн аудит оруулаад шалгана уу гэхээс зүгээр нэг Засгийн газраас томилоод шалгуулсан аудитын судалгаанд бол үнэн бодитоороо гарч ирэхгүй болов уу.

-Тэгэхээр одоо байгуулсан хянан шалгах ажлын хэсгийн судалгаа учир дутагдалтай гэсэн үг үү?

- Учир дутагдалтай. Хараат бус, бие даасан судлаач шинжээчдийг гаргаж байж бодит байдал үнэнээрээ гарна.

- Сайд өрийн хүндрэлээс гарах, өрөө төлж барагдуулах арга, зам нь төлбөрийн тэнцэлийг сайжруулах гэж хэлсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

Сайд маань өрийн хүндрэлээс гарах гаргалгаа нь төлбөрийн тэнцлийг сайжруулах замаар өрөө төлж барах юм ярьж байна лээ. Сонирхолтой нь төлбөрийн тэнцлийг хасахтай гаргаад байгаа зүйл нь өөрсдийнх нь нэмж аваад байгаа бонд, зээл юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ам нь цангаж байгаа хүн ус уувал цангаа нь гардаг гэж хэлж байгаатай л адил гэмээр юм уу да. Тэр ч мэдээжийн асуудал. Тийм бол тэр усыг хаанаас яаж авчирах вэ гэдгийг ярих ёстой.

Яг үнэндээ манай улсын төлбөрийн тэнцэл тун дажгүй сайн байх учиртай. Харин төлбөрийн тэнцэлийг алдагдалтай харагдуулаад байгаа зүйлсээ, өр төлбөрт тооцогдох ёстой, ёсгүй зүйлсээ бид нягтлан харах ёстой байх. Төлбөрийн тэнцэлд голлох ач холбогдолтой урсгал данс үүн дундаа гадаад худалдааны хувьд манай улс өндөр ашигтай байгаа, 2014 оноос хойш 8 жил, ер нь л жилдээ 1-2 тэрбум ам.долларын ашигтай байна гэдэг тун дажгүй үзүүлэлт. Гэтэл гадаад өр улам л ихсээд байдаг! Тэгэхлээр яг энэ янзаараа явбал төлбөрийн тэнцэл хичнээн сайжирсан ч манай улс гадаад өрөө ерөөсөө төлж чадахгүй байх магадлалтай.

Худалдааны тэнцлийн ашиг хаашаа ороод байгаа юм бэ, ер нь монголд орж ирдэг юм уу, үгүй юм уу, зүгээр л цаасан дээр байдаг тоо юм уу, гээд асуудлууд байгаа. Хятад улс л гэхэд сүүлийн гучаад жил худалдааны тэнцэл нь маш өндөр ашигтай учраас үнэндээ гадаад өргүй, харин ч авлагатай явж байна даа.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс дефолт зарлах хэмжээнд очоогүй гэсэн мэдээллийг өгөөд байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Засгийн газар маань энэ жилийн хувьд дефолт зарлахгүй байх аргаа олсон гэж байх шиг байна. Магадгүй. Гэхдээ харамсалтай нь манай улс энэ янзаараа явбал дефолт дампуурал гэдэг нь цаг хугацааны л асуудал болчоод байна. Нөгөө талаас Хятадын ардын банк свап зээлийн төлбөрөө нэхэх эсэх, ямар нөхцөл тавихаас олон зүйл хамаарах болчоод байна. Шинээр гарч ирсэн засгийн газар болгон амжилттай, сайн яваагаа пиардаад байдаг, харамсалтай нь өр нь улам нэмэгдээд, инфяц нь улам ихсээд, амьдрал улам ядуураад байдаг.

Тавьсан өрөө дарахдаа нэмж зээл авах нь манай дарга нарын яриад байгаа шиг тийм том амжилт, мэргэжлийн ажиллагаа юу? Угаасаа энэ гадны сурцтай, амташсан нөхдүүд (санхүүгийн корпорацууд) чинь байгалийн баялаг ихтэй, ядуу улсад бол төлбөр нь найдвартай гээд зээлийг хэдийг л бол хэдийг өгдөг туршлага бий. Шри-ланк, Тажик гээд ойрын жишээ ярих нь бараг илүүц биз. Энэ жилдээ томоохон төлбөр үгүй болохоор Сангийн сайд маань нэлээн итгэлтэй ярьж байна. Дараа жил ахиад нэг тэрбум орчим долларыг Самурай бонд, Гэрэгэ бонд гээд бас бус төлбөрүүдийг төлөх ёстой байгаа.

Гэхдээ 2023 онд дэгдэх асуудалд тодорхой хэмжээгээр бэлтгэж байгаа байх. Төлбөрийн тэнцэлийн асуудал дээр нэмж хэлэхэд хасах гаргаад байгаа нь манай компаниудын өр юм. Тухайлбал, Оюу толгойн зээл гэхэд л бүхэлдээ манай улсын өр гэж тусгагдаад байгаа. Одоо бол манай улс эзэмшдэг 34 хувьдаа ч ногдох өрийг цуцалсан гээд байгаа шүү дэ. Тиймээс энэ зээлийг төлбөрийн тэнцлдээ яаж тусгах вэ гэдгийг бодох нь төлбөрийн тэнцэлээ сайжруулах нэг зам юм. Хөрөнгө нь манайд оногдохгүй атлаа өр нь төлбөрийн баланс дээр гараад байгаад ард иргэд ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь энэ жил эдийн засгийн хувьд гадаад нөхцөл байдал ихээхэн таатай байгаа ч энэ засгийн газар нөхцөл байдлыг ашиглаж чадахгүй, эдийн засгаа бүр хүндрэлд оруулчаад байгаа нь тэдний ажлын туршлагагүй байдал, ур чадварын дутагдлаас үүдэлтэй.

Хэдийгээр манай хөрш ОХУ дайны байдалтай байгаа ч энэ нь тухайн орчин, Европ, Америкад л сөргөөр нөлөөлөхөөс манайд бол харин ч эерэгээр тусаж байгаа. Олон улсад үүссэн ийм хүндрэлтэй үед Хятадууд ч манайд муугүй хандаж байна. Энэ нөхцөл байдалд улсаа дампуурлын ирмэг дээр авааччаад бусдад буруугаа тохоод сууж байж болохгүй. Жишээ нь, ОХУ-ын зүгээс найрамдалт харилцаатай орнууддаа бензинийг маш хямдхан нийлүүлье гэснийг Хятадууд ашиглаад маш их орлого олж байна. Дэлхийн зах зээл дээрх үнээс 30-35 хувь хямд худалдаж аваад дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй цааш нь дамлаж зараад их хэмжээний ашиг олж байгаа. Гэтэл манайх энэ боломжийг огт ашиглаагүй. Бид гадаа талбайд жагсаал цуглаан болж байж, шаардаж шахаж байж Уул уурхайн дэд сайд ОХУ руу явахаас өөр аргагүй болоод явсан. Очоод олигтой хэлэлцээр хийж чадаагүй. Ажлын туршлага, нэр хүнд, зангараг, ур чадвар бүх л юм дутагдсан.

Сайд дарга нар ахин, дахин ОХУ-руу 4-5 явж, ард түмэн шаардаж байж энэ жилийг дуустал АИ92 шатахууныг арай хямдавтар үнээр авах болсон гээд байгаа. Тэр үед Сангийн сайд Б.Жавхлан “ОХУ-аас авдаг шатахууны хэмжээг нэмэгдүүлж бид Украйны дайныг санхүүжүүлэхгүй” хэмээн төрийн хүний, сайд хүний амнаас гарамгүй үг хэлээд хэвлэлээр яваад байсан. Энэ үг нь ч хэлэлцээрт нөлөөлсөн байх магадлалтай шүү дээ. Бид ОХУ-аас бензин авдаг л байсан, авдагаараа л авч байгаа. Хамгийн гол нь авахаас ч өөр сонголт байхгүй. Хэн ч биднийг илүү ихийг ав гээгүй. Хямдхан аваад Хятад Энэтхэгүүд шиг дамлаад зарсан ч яадаг юм. Жинхэнэ сангийн сайд ингэж сэтгэж бодох ёстой биш үү. Бид өөрсдийнхөө л төлөө хийж байгаа болохоос Оросын төлөө хийгээгүй шүү. Бас “зөвшөөрсөн учраас л бид ОХУ-тай арилжаа хийж байна” гээд байна лээ. Бензин авахын тулд бид бас хэнээс ямар зөвшөөрөл авах ёстой юм бэ? Бидэнд тийм олон сонголт байгаа юм уу? Нэг л биш ээ.

Ямар ч Засгийн газар зөвхөн миний үед л улс дампуурлаа зарлахгүй бол бусад нь хамаагүй гэсэн хоноцын сэтгэлээр хандаж байгаа нь “төлсөөр” атал улам нэмэгдээд байгаа манай улсын өрийн тайлбар юм. Өнөөдөр Монгол улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар үүнээс төр, засагт шууд хамааралтай нь 11 тэрбум ам.доллар байгаа. “ПиАр”-аар засаглах нь хэр хол явдгийг, юу хийдгийг сүүлийн үед байгуулагдсан засгийн газрууд харууллаа. Ард түмэн ч одоо хөрсөн дээрээ бууж ойлгож байна даа.

Х.Батсуурь /эдийн засагч/ 2022.08.09

"Өдрийн сонин" сонин.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү