Д.Гардийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн гэдэг худал


2023-05-22 16:01:18

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.05.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын Зээлийн Санд орж, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэлээн хэдэн зөрчил илэрсэн.

Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, хууль зөрчиж өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг. 

БЗС-гийн сангийн албан тушаалтан нь өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй албан бичгийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг.

Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй. Жишээлбэл, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргахаар хуульчилсан боловч боловсролын асуудал эрхэлсэн сайд нар зөрчиж, зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан.

Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.

Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг. Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.

БЗС-гаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг байна.

Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох “Авлигатай тэмцэх газар бол Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Бид өнөөдөр 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Манайх 50 орчим мөрдөгчтэй. Ажлын ачаалал  их байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн. Өмнө нь буюу 1992 оноос хойш яагаад шалгаагүй юм бэ гэж асууж байна. Нөхцөл байдал, хуулийн зохицуулалт нь гомдол мэдээлэл ирсэн цагт мөрдөн шалгадаг. Бид мөрдөлтийг бүрэн шуурхай хийх үүрэгтэй. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

Харин цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 19-нд Тэргүүн дэд даргын тушаал гарч, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарсан байдаг.

Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь лбан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж, АТГ-руу шилжүүлж ажиллана. Тухайн асуудалд хуурамч бичиг баримт ашиглаж, зориулалтын бусаар ашигласан бол ажлын хэсгүүд шалгаж ажиллана гэдэг хариултыг өгөв. Өмнө нь энэ дагуу шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногоос л олон нийтийн сүлжээнд энэ талаар цацагдаж байна” гэлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "Боловсролын зээлийн сан 1992 онд байгуулагдсан байна. Тус сангаас илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс тухайн сангийн гүйцэтгэх удирдлагаар одоо ажиллаж байгаа хүнд хэрэг нээсэн.

Д.Гардийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн гэдэг худал мэдээлэл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа учир одоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Дараагийн хэвлэлийн хурлын үеэр яг аль даргын үед ямар зөрчил гарсан бэ гэдгийг боломжит хэмжээгээр мэдээлэх болно.

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус сантай холбоотой мэдээлэл хийх үеэрээ "БЗС-гаас зээл авсан 2,100 суралцагчийн мэдээлэл алга болж, устсан гэж Д.Гарди мэдээлсэн юм билээ" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү