Ж.Байгалмаа: Хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалтын тогтворжиж, буурч байна


2021-04-27 12:43:13

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хатуу хөл хорионы үр дүн болон халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар дэлхий нийтэд  146 сая хүн халлвараар өвчилж, 3.1 сая хүн нас бараад байна. Халдвар 2020 оны сүүлээр оргил үедээ хүрч буурсан үзүүлэлтийг графикаас харж болно. Дэлхий дахинд энэ оны 3 сарын эхээр халдварын тохиолдол дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нас баралт ч мөн нэмэгдсэн.

Хатуу хөл хориог дэлхийн улс орнууд халдварын нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлдэг. Үр дүнд нь халдварын тархалтыг хумиж, тохиолдлын тоог бууруулж чадсан. Гэхдээ хатуу хөл хориог сулруулсаны дараагаар тархалт эргэн нэмэгдэж, тохиолдлын тоо өссөн байх жишээтэй.

Хатуу хөл хориог тогтоосноор гол нь эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангана. Хариу арга хэмжээний нөөц чадавхиа тооцоолж, бүрдүүлнэ. Энэ хугацаандаа халдварын дараагийн давалгаандаа бэлдэх, эсвэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх тооцооллыг хийх шаардлагатай болдог. Хэрэв хатуу хөл хорионы дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч, ямар хариу арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөц тооцооллоо хийдэг. Энэ хөл хорионы хугацаанд дээрх үйл ажиллагааг хийж байна.

Дараагийн чухал зүйл нь вакцины үр дүнг хадгалах. Дархлаажуулалтад хамрагдалтыг эрчимжүүлэх үед халдварын тархалт өндөр байгаа үед вакцин хийлгэсэн хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан хүмүүсийн 0.1 хувь нь халдварт  өртсөн. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Халдвар өргөн хүрээнд тархсан учраас вакцинд хамрагдсан хүмүүсийг дахин халдварт  өртүүлэхгүй байх хязгаарлал авч хэрэгжүүлээгүйтэй холбоотой.

Хатуу хөл хориог сулруулахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг урьдатгал болгодог. Үүнд

  • Эрүүл мэндийн салбарын дэгдэлтэд хариу арга хэмжээ авч чадахуйц болох
  • Өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурах
  • Өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо буурах
  • Вакцины хамрагдалт өндөр байх
  • Лабораторийн хүлээгдэл багасах
  • Хязгаарлалтыг цуцлахад өвчлөлийн дараагийн давалгаа гарах эрсдэлтэй

Иймээс тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал. Шууд бүх зүйлийг нээхээс илүү үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Хатуу хөл хорио тогтоосноос хойш

  • Халдварын тархалтын тоо харьцангуй тогтвортой болж ирсэн. Мөн хөдөлгөөний хязгаарлалт буурсан.
  • Халдварын эх уурхайг илэрхийлэх үзүүлэлтүүд төдийлөн буураагүй байна.
  • Хүндрэлийн үзүүлэлтүүд тогтворжиж буурч байна.
  • Дархлаажуулалтын үйл ажиллагаа эрчимжиж байна

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 биш 2000-3000-аар тоологдох байсан" гэлээ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү