Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд үйлчилгээний байгууллагууд нээлттэй байхаар журамлана


2021-05-05 09:54:19

Хатуу хөл хорио энэ ням гарагт буюу энэ сарын 8-ны 06.00 цагт цуцлагдана. Гэхдээ аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шууд нээхгүй бөгөөд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн Улсын онцгой комиссоос мэдэгдээд байгаа юм.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэд орон нутагт зорчих түр журмыг боловсруулж байгаа талаар ч өмнө нь мэдээлж байсан. Үүнээс гадна вакцины давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэдэд зарим үйлчилгээний байгууллага нээлттэй байхаар журамлаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Энэ сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүд- ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс" хэмээн жиргэжээ.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 26122, II тунд 20199, нийт 46321 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 69.1 хувь буюу 789.756 нь I тунд, 38 хувь буюу 438.230 нь II тунд хамрагдаад байна.

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-нд буюу өчигдөр 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн. Үүнээс орон нутагт 67,977 хүн хамрагдаад байна. 

 

Одоогийн байдлаар I тунд 18-аас дээш насны иргэдийн 54.6 хувь нь, II тунд 25.8 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа юм.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү