Б.Буянтогтох: Хүүхдүүд ковид-19 халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна


2021-05-11 12:28:31

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох ковид-19 халдвар болон хүүхдийн өвчлөлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тохиолдлын тоо хэдийгээр буурч байгаа ч хүүхдүүдийн нийт тохиолдлын тоо нэмэгдэж байна. 1-18 насны 1.3 сая хүүхэд бий. Эдгээр хүүхэд вакцинжуулалтад хамрагдаагүй. Тиймээс цаашдаа хүүхдүүд халдвараар өвчлөх байдал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Шинж тэмдэг бүдэг тиймээс гэр бүлд байгаа бусад хүүхдүүдэд халдварлуулах эрсдэл өндөр. Хэрэв тухайн гэр бүлд нэг хүүхэд өвчилбөл бусад хүүхдэд халдвар тараах эрсдэлтэй. Бага насны хүүхдүүд үнэрлэх, амтлах зэрэг мэдрэхгүйгээ илэрхийлж чаддаггүй. Тийм учраас бусад хүүхдүүддээ халдварлуулах байдал өндөр байгаа юм.

Сарын өмнө нийт тохиолдолд эзлэх хүүхдийн өвчлөл 18 орчим хувьтай байсан бол өчигдөр 21.1 хувь болж нэмэгдсэн байх жишээтэй. Дархлаажуулалтад хамрагдаагүй хэсэг маань өвчлөлийн хувийг нэлээн өсгөх хандлага харагдаж байна.

Хүмүүс хүүхдийг хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрчихнэ гэж эндүүрээд байна. Хэдийгээр өнөөдрийг хүртэл тийм байгаа нь үнэн ч хэрэв халдвар цаашдаа тархвал хүүхдүүд дунд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй хүүхдүүд бий. Хэрэв энэ хүүхдүүд халдварт өртвөл насанд хүрэгчидтэй адил хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дархлаажуулалт идэвхитэй өрнөж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй.

12 дээш насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илэрч байгаа. Эмнэл зүйгээр ч шинжилгээгээр ч ижил шинж тэмдэг илэрч байгаа. Эмчилгээний хувьд хүүхэд, насанд хүрэгч гэсэн ялгаа байхгүй" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү