Малаа биш хүнээ тэргүүнд тавьсан Шадар сайд БРАВО


2021-06-07 22:32:28

“Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагааг дахин сэргээхээр болов. Браво, Шадар сайд аа.

Монгол Улс хүндээ гэхээсээ малдаа хайртай ард түмэн. Ямартаа ямаанд 10.000, хүүхэддээ 20.000 төгрөг төсөвлөж, олныг хөгжөөж байв. Үүнтэйгээ ижил малын эмийн үйлдвэртэй ч “Биобэлдмэлийн үйлдвэр”-тээ төдийлөн анхаарал хандуулдаггүй. Уг нь энэ үйлвэр нь 1933 онд цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэж, 1938-1940 онд энэхүү өвчнийг бүрэн устгаж байсан бөгөөд уг вакциныг гарган авсан Азийн анхны орон болж байсан арвин түүхийн уурхай.

Вакцин, биобэлдмэлийн энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байвал хүн амд шаардлагатай бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой юм.

Тэгвэл 2010 оноос  үйл ажиллагаа нь зогсоод байсан дээрх үйлдвэрийг ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхээр Шадар сайд С.Амарсайхан шийдвэрлэж, үйл ажиллагааг нь сэргээлээ. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны III улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Үр дүнд нь Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортаар хангадаг байдал үгүй болох нь. Үргэлж гаднаас импортлож, өндөр өртөг төлдөг байдлыг халах түүхэн шийдвэр гэж тодотгосон ч болохуйц. Тэр дундаа өнөө үед.

Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд биемахбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай.

Иммуноглобулин гэж нэрлэгддэг энэхүү уургийн бэлдмэлийг өндөр тунгаар хийхэд хүндэвтэр зэргээр өвдсөн Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасгасан, хүндрэлээс шууд сэргийлсэн аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан байдаг. Хэвийн иммуноглобулиныг эмнэлзүйн туршилтгүйгээр Ковид-19 халдварын эмчилгээнд шууд хэрэглэхийг зөвлөсөн. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү